Active

Бороо шивэрсэн өдөр унших шүлгүүд

Байгаль дэлхий өнгөө солих цаг хэдийн иржээ. Ойрын өдрүүдэд Улаанбаатарт бороо орох үзэгдэл давамгайлж байна. Энэ өдрүүдэд таны сэтгэлийг сэргээх зунтай холбоотой шүлгүүдийг нийтэлж байна. Ингээд яруу найрагч нарын шүлгүүдийг хүргэе.


Улаанбаатарт бороо орж байна

Хэтэрхий бүүдгэр, зэврүү оргиод л

Улаанбаатарт бороо орж байна

Хэн ч чамайг орлож чадахгүй

Улаанбаатарт бороо орж байна

Үнэрийг чинь хайж өөрийгөө үнэрлээд л

Улаанбаатарт бороо орж байна

Үсээ самнаагүй, зүсээ тольдоогүй өдрүүд

Улаанбаатарт бороо орж байна

Харчихмаар юу ч алга, гэр хоосон

Улаанбаатарт бороо орж байна

Хаа эрт орж л байсан бороо

Улаанбаатарт одоо ч орж байна

Чамгүйгээр бороо орж

Чамгүйгээр би амьсгалж, цохилж байна

Итгэмээргүй юм, үнэмшмээргүй юм.

Энд, чиний эзгүйд бороо орж байна.

                              Л.Өлзийтөгс


Усан борооноор би ганцхан хүнийг боддог

Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан

Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад

Сүүрс алдсан.

Дараа нь удаан бороо орсон

Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч

Хоногийн уртад алдахаасаа өмнө

уучилж болох л байсан

Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов, нүүрээ таглаад ч болов

Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан

Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа

Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй

Харин би нулимснаасаа л нэрэлхсэн

Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан

Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь

Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч

Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь

Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна.

Л.Өлзийтөгс


Юм бүхэн гунигтай

Юүдэн малгайтай цувны минь хормой хийсэх нь гунигтай

Хэзээ ч дахин уулзахгүй байж мэдэх

Хэн нэгэн андаасаа салж одох минь гунигтай

Хэсэг хэсэгхэн үүлний сүүдэр гэрийг минь дайрч өнгөрсөөр

Хэзээ хойно мартсан юм шиг бороо орох гунигтай

Цэцэг ч гунигтай

Цэцгийн хөлөнд ассан өвсний гэгээ ч гунигтай

Чулуу ч гунигтай

Чулуу дэрлэж унасан цэцгийн дэлбээ ч гунигтай

Чухамдаа сэтгэл минь гунигтай

Ижий минь хийж өгсөн дээлний өнгө элж хуучрах нь гунигтай

Их л дотно санагдах найзын минь нэр санаанд бүдгэрэх нь гунигтай

Салхи ч гунигтай

Салхинд дэрвэх өрхний чимээ ч гунигтай

Үүлс ч гунигтай

Үүлэн завсраар сиймэх гэгээ ч гунигтай

Үнэндээ сэтгэл минь гунигтай.

                     Д.Баттогтох

Чамтай л харсан бороо

Жинхэнэ бороо байсан

Жигүүртэй бороо байсан

Түүнээс хойш

Тийм бороо ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дурдатгалыг минь тойрон

Одоо ч бороо орсоор л байна.

  Ц.Доржсэмбэ


Бодлогоширсон цонх нүд шиг нулимсарна.

Бороо яахав дээ. Нөгөө л бороо шүү дээ.

Босьё доо…

Хөнжилдөө гал ноцтол бодлоо гээд, дэргэд чи ирэх биш.

Навчсан шүхэртэй наадаад байх шиг хэрнээ

Намрын бороо цаанаа л нэг уйтай.

Намайг сэрээсэн дээвэр төмрийн нижигнээ

Намсан намссаар дасал болчих нь гунигтай.

Болиосой доо гэмээр уйлагнанхан зүсэрч

Бодлоор болдоггүй бороо цонхонд нулимсарна.

Сарнайд өргөс ургаагүй бидэн хоёрын зун

Сайхан зүүд л болохоос, ямар дуртатгал биш.

Босьё доо…

Г.Аюурзана


Хамгийн сүүлд чамтай

Харц тулгарсан минь

Хаа ч билээ…

Хар нүд чинь

Халгисан булгийн ус шиг

Гүн рүүгээ гуниг нь улам яргасан

Танихгүй юм шиг харцаар удаан гэгч ширтсэн

Цэцгийн үндэс дэвтээж

Цэв хүйтэн бороо шиврээд л…

Хөдлөх ч дургүй уруулыг чинь

Хөхөртөл нь шавшсан…

Дэргэдүүр чинь би өнгөрөхдөө

Дэлхийгээр нэг хашгирмаар байсан ч

Болохгүй юм шиг бодолдоо хүлүүлчихээд

Бороо далимдуулж зөндөө уйлсан

Чи хэвээрээ л…

Цэвдэг хүйтэн, хөшөө мэт

Сүлбэх мэт харц чинь л амьтай

Сүүдэр мэт чимээгүй шаналантай

Шаналанг чинь цуучин

Шалбааг туучин алхалсан

Шалба норсон зүрх минь л хөөрхий…

Золгүй хайрыг минь чи

Зовлонд тэгж дасгасан

Уйлчихсан нүдтэй намайг бүү хэл

Уймраа орчлонг ч ер тоолгүй одсон

Чиний нүдийг

Уйтгарын эдлэнд сүүлчийн удаа ширтсэн минь

Урьд билүү, эсвэл…

Ц.Дэлгэрмаа


Хотын дээрх тэнгэрийг хэн ингэтлээ гомдоочихоод

Хорин хоног тасралтгүй бороогоор уйлдаг байна аа

Гуниж дуслуулсан нулимсыг нь алгандаа тосч хөнтөрчихөөд

Гурван хоног би чинь согтуу юм шиг л алхаллаа

Үнэ хямдтай гоёлын шаахай бидний гунигийг даасангүй

Үүл болоод солонгын тухай үглэж дуулаад ч сонссонгүй

Норсон гэзэг, гандмал шүхэр, чихарсан нойтон савлуур л

Ноднин жилийн тэнэгхэн дурлалын тунгалаг шаналлыг сэдрээнэ дээ

Үргэлжийн бүүдгэр бүхэнд ингэтлээн адгаж дасчихаад

Үүр цайхад нар мандчихсан байвал үхмээр л санагдах байх даа

Б.Баясгалан

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...