Active

НАУРЫЗ БАЯРЫН МЭНД

Гэрэл зургийг О.Довчин
Гэрэл зургийг О.Довчин
-Наурызын өглөө эрт казахууд нар мандахыг хардаг-
Хаврын урь орж, шинэ жил эхэлснийг лалын ертөнц даяараа өргөн тэмдэглэдэг эртний уламжлалт баяр Наурызын баяр юм.
Наурызын баяраар казах айлууд "көже” хэмээх идээ бэлтгэж ах дүү, хамаатан садан, айл хотлоороо бие биеэ дайлан баярладаг заншилтай.

Өдөр, шөнө хоёр тэнцдэг гурав¬дугаар сарын 22-ныг лалын шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг байна. Ийнхүү түүнийг “Наурыз” хэмээн нэрлэж шинэ жилийн баяр, хаврын болгон тэмдэг¬лэдэг ёс тогтжээ. Наурыз гэдэг нь монголчилбол “шинэ өдөр” гэсэн утгатай үг юм. Баяр угтаж эзэгтэй нар хэд хоногийн өмнөөс гэр орондоо их цэвэрлэгээ хийж, хаврын эхний өдрөө цэвэр цэмцгэр угтахыг эрмэлздэг. 

Баярын урд орой айл болгон көже идээгээ бэлтгэж баярын ширээ идээ будаагаар дүүрэн, хэдий чинээ тансаг байна тэр жилийн амьдрал төдий чинээ өнгөлөг, ажил үйлс өөдрөг байдаг хэмээн үздэг. 

-Наурызын баяраар чанасан толгой заавал тавьдаг-

Көже нь баярын гол зоог, ихээхэн хүндэтгэлтэй идээ гэхэд орц нь тун энгийн. Түүнд ус, мах, давс, үр тариа (энэ нь цагаан будаа, улаан буудай, эрдэнэ шишийн аль нь ч байж болно), цагаан идээ, тос, гурил гэсэн долоон зүйл ордог. Мөн хонины сүүж, чанасан толгой заавал тавьдаг байна.

Эдгээр нь баяр баясгалан, амжилт ололт, цэцэн ухаан, эрүүл энх, хангалуун амьдрал, овсгоо самбаа, агуу их хийгээд тэнгэр бурхны авралыг бэлгэддэг гэнэ.

Баярын өдөр ахмад настныдаа эхэлж цуглах бөгөөд тэр нь бусдадаа сайн сайхныг бэлгэдэн ерөөлийн үг хэлнэ. Бас нэг зүйлийг сонирхуулахад, манайхны зурхайч, төлгөч нартай төстэй сауегей хэмээгчид баярын өмнө мэргэ төлгө үйлдэж, ирэх жилийн өнгө ямар байхыг олон түмэнд айлддаг байна. 

Наурызыг нийтээр гуравдугаар сарын 22-нд тогтмол тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд энэхүү баяраар архи огт хэрэг¬лэдэггүй ажээ. Энэ нь Лалынхны ёсонд “харам” буюу архи дарсыг бусад ариун идээний дэргэд байлгаж болдоггүй бузар зүйл гэж үзэж ирсэнтэй нь холбоотой гэдэг. 

Наурызын өглөө эрт казахууд нар мандахыг хардаг. Энэ үндэстэн эмээгээ “апа” гэж дууддаг бөгөөд нар мандсаны дараахан хөөрч баяр¬ла¬сан ач, зээ нар нь эмээгээсээ “шашу” хэмээх хишиг хүртэх гэж холоос шуугилдан ирдэг.

Цагаан өнгийн гоёмсог алчуур толгойдоо ороож, үсээ далдалсан эмээ нар баяр ёслолоор хишиг тараадаг нь өнөөдрийг хүртэл уламжлагджээ.

Ингэхдээ тэд шашуг хүн бүрийн гарт тусгайлан атгуулдаггүй. Зөвхөн дастархан (их идээ)-ыг тойрон суу-гаа зочдын дунд цацаж хүртээдэг. Наурызыг апа нарын шашугүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд шашу нь зөвхөн чихэр боов байдаг. Гэхдээ тэр хишгийг хүртсэн нэгнийг амны билэгтэй хэмээн бэлгэшээдэгт хамаг учир буй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...