Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр соёлын салбарын ажилчин, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шийдвэрийн талаар Соёлын сайд Ч.Номин мэдээлэв.
Улсын хэмжээнд соёлын салбарын нийт 452 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр байгууллагын 432 нь хөдөө орон нутагт байдаг. Соёлын салбарт ажиллаж буй 4,470 албан хаагчдаас 3,002 хүнд таван жил тутам, зургаан сартай дүйцэх тэтгэмж олгохоор болж байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй соёлын салбарын ажилчдын 70 хувь нь нэг удаагийн тэтгэмж авах боломжтой.
Өнөөдөр соёлын салбарын ажилчдын цалин 570,000-995,000 төгрөгийн хооронд байгаа. Өөрөөр хэлбэл, 452 байгууллагын 6,245 ажилчин ийм хэмжээний цалин авч байна. Тэд дунджаар 760,000 төгрөгийн цалин авдаг.
Соёлын яам байгуулагдсан цагаас хойш салбарынхаа ажилчдын цалин хөлсийг 25 хувь нэмэгдүүлсэн. Тодруулбал, соёлын салбарын ажилчдын цалин хөлсийг боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай дүйцүүлнэ. Үүнийг энэ онд багтааж шийдвэрлэнэ. Цалин хөлсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цалингийн сүлжээ, нэгдсэн системийг бодож зохицуулахыг үүрэг болгосон.
Б.Хулан

Сүүлийн сэтгэгдэл